Сургалт амжилттай боллоо
Хавдар судлалын үндэсний төвийн Толгой хүзүүний мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр С.Денисын удирдлага дор “Эрүү нүүрний нөхөн сэргээх мэс заслын хэрэгцээ, үр дүн” сэдэвт мэргэшүүлэх сургалт 2025 оны 2 дугаар сарын 5-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.
Сургалтын гол зорилго нь эрүү, нүүрний хавдар болон гэмтлийн улмаас үүссэн гажигуудыг нөхөн сэргээх мэс заслын орчин үеийн чиг хандлага, хэрэглээ, эмчилгээний үр дүнг танилцуулах, эмч мэргэжилтнүүдийн онол, практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн байв.
С.Денис эмч хэлэхдээ:
“Эрүү нүүрний нөхөн сэргээх мэс засал нь өвчтөнүүдийн зөвхөн гадаад төрхийг бус, амьдралын чанарыг бүхэлд нь дээшлүүлэх ач холбогдолтой. Бидний зорилго бол эдгээр үйлчилгээг илүү хүртээмжтэй, мэргэжлийн өндөр түвшинд хүргэх юм,” хэмээн онцолсон юм.
Сургалтад НАТЭ-ийн нийт 43 эмч идэвхтэй хамрагдаж, сүүлийн үеийн клиник судалгааны үр дүн, нөхөн сэргээх мэс заслын аргууд, тохиолдлын бодит жишээнүүдийг хэлэлцэн, харилцан санал солилцлоо.
Мөн сургалтын үеэр оролцогч эмч нарын зүгээс эрүү нүүрний нөхөн сэргээх мэс заслыг орон нутагт нэвтрүүлэх, багийн ажиллагааг сайжруулах талаар санал дэвшүүлж, ирээдүйд хэрэгжүүлэх боломжит шийдлүүдийг хэлэлцсэн нь сургалтын ач холбогдлыг улам нэмэгдүүлсэн юм.
